Soft ice-ийн түүх
Уугуул грек Том Карвел АНУ-ын зүүн хойд нутгуудаар хөргүүрт машинаар зайрмаг зарж явахдаа хүмүүс тас хөлдүү биш зөөлөн зайрмагт дуртай байгааг анзаарчээ. Үүнийг тэр 1934 онд машинд нь гэмтэл гарсны улмаас 2 өдрийн турш гэсмэл зайрмаг зарахдаа мэдэрчээ. Гэхдээ тэр зөөлөн зайрмагийн бүтэц ердийн мөхөөлдөснөөс өөр байх ёстойг ойлгож байв. Үүнийгээ ч нарийн боовны технологоос олж авчээ. Цаашлаад тэр зайрмагийг шинэхнээр нь шахах машин судалж байв. Тэр 1936 онд Soft ice-ийн кафегаа нээсэн бөгөөд өдгөө 700 гаруй салбар, 1000 гаруй ажиллагсадтай болжээ.
Мөн анхдагчдын нэг Ж.Ф.Маккалоу 1938 онд АНУ-ын Иллинойс мужид зөөлөн зайрмаг хийж байжээ. Түүний хүү зөөлөн зайрмагийн машин бүтээж, эцэгтэйгээ хамтарч зайрмагийн кафе нээж байсан байна.
Эцэст нь Их Британид тухайн үеийн ерөнхий сайд асан Маргарет Тетчерийн удирдлага дор судалгааны баг ажиллан, Америк машинуудыг ашиглан зөөлөн зайрмагийн жор боловсруулжээ. Тэд тэрхүү зайрмагт зөөлөн буюу soft гэх нэршлийг авчиржээ.
Технологи
75% орчим нь сүүнээс бүтэх зөөлөн зайрмагийн шингэн, тусгай бэлдэцийг машины хөргөх цилиндрт хийнэ. Тэнд бэлдэцийг -6 хэм хүртэл хөргөнө. Цилиндр доторх хутгагч бэлдэцийг байнга хутгаж хөдөлгөөнд байлгадаг. Харин цилиндрийн зөвхөн дээд хэсэгт хөлдсөн нимгэн гадарга хэсгийг хусуураар авч даралтаар агаартай хөөсрүүлээд зайрмагийн аяганд шахаж гаргадаг.
Хамгийн сонирхолтой нь хүний амтлах мэдрэхүй -18 хэмд хөргөсөн хөлдүү мөхөөлдөснөөс илүү зөөлөн зайрмагийн амтыг мэдэрч, таашаадаг байна.
Эрүүл ахуй
Бовар мужийн эрүүл ахуйн алба зөөлөн зайрмагт хөлдүү зайрмагаас илүү бага үзүүлэлтээр шаардлага тавьж шалгадаг. Гол нөхцөл нь үйлдвэрлэх үеийн ариун цэвэр болон машины арчилгаа, цэвэрлэгээ байдаг. Машиныг сайн цэвэрлэхгүй бол салмонел үржих, түүнчлэн агаар дахь вирус, бактериар бохирдох магадлалтай. Тиймээс пасторизац хийсэн сүүг ашигладаг.